Тодруулбал, өнгөрөгч Баасан гарагт Канадын Эрчим хүч, байгалийн нөөцийн сайд Тим Хожсон Арктикийн дэд бүтцийг бэхжүүлэх, экспортын төрөлжүүлэлтийг дэмжих, Канадын ашигт малтмалын нийлүүлэлтийн уян хатан сүлжээг бий болгоход тус нэмэр болох хоёр төсөлд холбооны төсвөөс 55 сая гаруй ам.долларын санхүүжилт олгохоор болсноо зарлав. Канад улсын First and Last Mile Fund-аар дамжуулан "Вест Китикмеот Ресорсез" West Kitikmeot Resources корпорацын Grays Bay чиглэлийн авто зам болон боомтын төслийн төлөвлөлт, барилгын өмнөх шатны ажилд 50 хүртэлх сая ам.долларын санхүүжилтийг нөхцөлтэйгөөр баталлаа. Энэхүү авто зам нь Грэйс Бэй дэх Арктикийн гүн усны боомтыг холбох бөгөөд ирээдүйд цайр болон зэсийн төслүүдийг эргэлтэд оруулах боломжийг нээнэ.
Сайд Хожсон мөн Glacies Technologies компанид 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэн бөгөөд энэ нь уурхайн халаалт, агааржуулалтын системд дизель түлшийг орлох, хүлэмжийн хийн ялгарал багатай хувилбарыг хөгжүүлэхэд дэмжлэг болох юм. Энэхүү шийдэл нь хойд бүсийн уурхайнуудын хүлэмжийн хийг бууруулж, зардлыг хэмнэх ач холбогдолтой. Уг төслийг Нунавут мужийн баруун Китикмеот бүсэд орших B2Gold алтны уурхайд туршихаар төлөвлөж байна.
Эдгээр хөрөнгө оруулалт нь Канадын засгийн газраас 2026 оны Хаврын эдийн засгийн тоймд тусгасан, улс орныг хөгжүүлэх дэд бүтцийг урагшлуулах, чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх, мөн Арктикийн аюулгүй байдал, бүрэн эрхт байдалд хөрөнгө оруулах стратегийн зорилтуудын нэг хэсэг болж байна.



