АНУ-ын худалдааны төлөөлөгч Ж.Грир нь БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хийх дээд хэмжээний уулзалтад оролцохоор Ерөнхийлөгч Д.Трампын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан Хятад улсад ажиллаж байна.
Хятад улсаас АНУ-д нийлүүлж буй газрын ховор элементийн экспорт сайжирч байгаа хэдий ч Бээжингийн тал зарим ачаа тээвэрлэлтийг батлах явцдаа удаашралтай хэвээр байгааг Жэмисон Грир өчигдөр мэдэгдэв.
Хятадын тал зарим экспортын тусгай зөвшөөрөл олгох асуудалд хойрго хандсан хэвээр байгааг тэрбээр Bloomberg сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр тэмдэглээд, үүнээс үүдэн АНУ-ын албаны хүмүүс газрын ховор элементийн нийлүүлэлтийн тасалдалаас болж хохирч буй компаниудын нэрийн өмнөөс хэлэлцээрт оролцож, зуучлахаас өөр аргагүйд хүрч байна гэж хэлэв.
Мөн үргэлжлүүлэн "Газрын ховор элементийн нийлүүлэлт илүү сайн түвшинд хүрч, сэргэж байгааг бид гарцаагүй харлаа. Гэхдээ заримдаа энэ үйл явц удааширдаг. Бид өөрсдийн байр сууриа илэрхийлж, шаардлага тавих үе ч гарч байна" гэлээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Liberation Day тарифын эсрэг хариу арга хэмжээ авч, Хятад улсаас 2025 оны дөрөвдүгээр сард нэвтрүүлсэн газрын ховор элементийн экспортын хяналт нь зарим төрлийн элементийн экспортыг чанга хязгаарласан хэвээр байна. Хэдийгээр өнгөрсөн оны аравдугаар сард талууд тохиролцоонд хүрч, Хятадын тал ачаа тээвэрлэлтийг чөлөөтэй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн гэж Цагаан ордон мэдэгдсэн ч ийнхүү хязгаарлалт үргэлжилсээр байгаа юм.
Энэхүү асуудлаар тайлбар өгөх хүсэлтэд Хятадын Гадаад хэргийн яам шууд хариу өгөөгүй байна. Бээжингийн тал 2025 оны дөрөвдүгээр сарын экспортын хяналтын шийдвэрээ удаа дараа хамгаалж, шаардлага хангасан хүсэлтүүдийг батлан гаргаж байгаа гэж мэдэгдсээр байна.
АНУ-ын хагас дамжуулагч болон сансар судлалын салбарт нэг жилийн турш хомсдол үүсгээд байсан, зөвхөн Хятадад олборлодог иттриум (yttrium) хэмээх газрын ховор элементийн хэд хэдэн томоохон нийлүүлэлтийг саяхан хүлээн авсан талаар Грир тэмдэглэв.
Хятад улс иттриум элементийн хэд хэдэн томоохон экспортыг баталсан боловч өмнөх жилүүдийн экспортын үзүүлэлттэй харьцуулахад асар их хэмжээний дутагдалтай хэвээр байгааг Reuters агентлаг мөн өмнө нь мэдээлж байсан юм.

