Уг тайлангийн үзүүлэлтээр тус орд нь зэсийн салбарын хамгийн том, ашиглалтад ороогүй ордуудын нэг мөн гэдгийг тодорхойлсон байна.
First Quantum компанийн мэдээлснээр, La Granja ордын шинэчлэгдсэн ашигт малтмалын нөөцийн тайлангаар тус ордын хүдрийн биет нь 0.48%-ийн зэсийн дундаж агуулга бүхий 4.8 тэрбум тонн батлагдсан болон таамаг нөөцтэй бөгөөд энэ нь 23.0 сая тонн цэвэр зэсийн нөөцтэй тэнцэж байна.
Түүнчлэн, таамаг нөөцийн зэрэглэлд 0.40%-ийн зэсийн дундаж агуулгатай 5.2 тэрбум тонн хүдэр байгаа бөгөөд үүнд дахин 20.7 сая тонн цэвэр зэс агуулагдаж байна. Энэ нь La Granja ордыг "tier-1" буюу дэлхийн жишигт нийцсэн, олон үе дамжин ашиглах хөрөнгө болгож байна.
Энэхүү үзүүлэлтээрээ La Granja нь батлагдсан болон таамаг нөөцийн хэмжээгээрээ ашиглалтад ороогүй зэсийн төслүүд дундаас Аляска дахь Northern Dynasty-ийн Pebble ордын дараа буюу хоёрдугаарт орж байна. Харин одоо ажиллаж байгаа уурхайнуудыг оролцуулж тооцвол Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс дахь Ivanhoe Mines-ийн Kamoa-Kakula цогцолборын дараа орж байна.
Рио Тинто компани 2023 онд энэ ордыг ашиглах төслийн 55%-ийн хувьцааг эзэмшиж, уурхайн бүтээн байгуулалтыг хариуцан ажиллуулах түншээр First Quantum-ийг сонгосон.
First Quantum компани хяналтын багцыг 105 сая ам.доллароор худалдаж авсан бөгөөд төслийн бүтээн байгуулалтад зориулж амласан 546 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас одоогоор 70 сая ам.долларыг нь зарцуулаад байна.
First Quantum компанийн мэдээлснээр, La Granja ордын өрөмдлөгийн мэдээллийн санд одоогоор 370,000 метр урттай, 832 ширхэг даймонд өрөмдлөгийн цооног бүртгэгдсэн бөгөөд цаашид ч нэмэлт хайгуул хийхээр төлөвлөж байна. Мөн тус хүдрийн биет нь гүн рүүгээ нээлттэй хэвээр байгаа төдийгүй хайгуулын өөр зорилтот талбайнууд байгааг компани онцолжээ.
La Granja ордын ил уурхайн оновчлолыг нэг фунт зэсийн үнийг 4.00 ам.доллароор (өнөөдрийн зах зээл дээрх үнэ нэг фунт нь 6.65 ам.доллар буюу нэг тонн нь 14,450 ам.доллар байгаатай харьцуулбал) тооцож, зөвхөн зэсийн агуулгын доод хязгаарт (захын агуулгын) үндэслэн хийсэн байна. Орд дахь мөнгө, алт болон молибдений дундаж агуулга нь дагалдах бүтээгдэхүүний хувьд ордын болон төслийн үнэ цэнийг улам өсгөх боломжтой бөгөөд энэ нь стриминг компаниудын сонирхлыг татах юм.
La Granja ордын хувьд тулгардаг бусад сорилтуудад усны менежмент болон хаягдлын далангийн асуудал багтдаг. Андын нурууны зэсийн олон төслүүдээс ялгаатай нь La Granja нь далайн түвшнээс дээш 2,000-аас 2,800 метрийн дундаж өндөрлөгт оршдог.
First Quantum компани уурхайн талбайд хүдэр бутлах, тээрэмдэх ажлыг гүйцэтгээд, дараа нь хүдрээ 7 км урттай туннелээр дамжуулан хоолойгоор тээвэрлэж, уурхайгаас 100 орчим км зайд орших Номхон далайн эргийн нам дор, хуурай тал газар руу хүргэхээр төлөвлөж байна. Баяжуулах үйлдвэр болон хаягдлын менежментийг тус тэгш тал газарт байршуулахаар төлөвлөсөн байна.



