Хятадын газрын ховор элементийн хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг үнээ мэдэгдэхүйц нэмсэн нь Ойрхи Дорнод дахь мөргөлдөөнөөс үүдэлтэй зах зээлийн тогтворгүй байдал болон геополитикийн хурцадмал байдлыг улам тодотгож байна.
Өвөр Монголд төвтэй "China Northern Rare Earth" групп ирэх оны хоёрдугаар улиралд мөрдөх газрын ховор элементийн баяжмалын үнийг зарлалаа. Тус компани 50 хувийн агуулгатай (REO) материалын суурь үнийг нэмэгдсэн өртгийн татваргүйгээр тонн тутамд 38,804 юань (ойролцоогоор 5,390 ам.доллар) байхаар тогтоосон байна. Мөн баяжмалын агуулгын нэгж хувийн өөрчлөлт тутамд тонн тутмын үнийг 776.08 юаниар (108 ам.доллар) тохируулахаар тусгажээ. Энэхүү шинэчилсэн үнэ нь эхний улирлынхаас 44.6 хувиар, харин өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин өссөн үзүүлэлт юм.
Энэхүү үнийн өөрчлөлт нь ердийн нэг шинэчлэл мэт боловч Хятадын газрын ховор элементийн салбарын ирээдүйн бодлогын чиглэлийг харуулж байна. Өөрөөр хэлбэл, үнэ тогтоохдоо зах зээлийн чөлөөт эрэлт нийлүүлэлтэд бүрэн даатгах бус, харин нийлүүлэлтийн сүлжээг бүхэлд нь хамарсан нарийн бүтэцтэй механизмаар зохицуулдаг байна.
Тус компани нь "Баотоу Гангийн Холбоо" (Baotou Steel Union) хэмээх хамаарал бүхий нийлүүлэгчтэйгээ байгуулсан гэрээний дагуу, оксидын зах зээлийн ханштай уялдуулсан тусгай томъёогоор баяжмалын үнийг тооцож гаргажээ. Уг шинэ жишиг үнийг компанийн дотоод удирдлагын хурлаар хянан баталсан байна.
Дэлхийн худалдааны гол зангилаа болох Хормузын хоолойн орчимд үүссэн нөхцөл байдал нийлүүлэлтийн сүлжээний эрсдэлийг нэмэгдүүлж буй үед энэхүү шийдвэр гарч байгаагаараа онцлогтой. Ойрхи Дорнодын дайн газрын ховор элементийн олборлолтод шууд нөлөөлөөгүй ч хүдэр баяжуулахад ашигладаг хүхрийн хүчлийн дэлхийн хэмжээний хомсдолыг үүсгээд байна.
Үүнтэй холбогдуулан Хятад улс ирэх тавдугаар сараас эхлэн хүхрийн хүчлийн экспортоо хориглох төлөвлөгөөгөө танилцууллаа. Бээжин өнгөрсөн жил АНУ-ын тарифын эсрэг хариу арга хэмжээ авч, газрын ховор элементийн бүтээгдэхүүний экспортыг хязгаарлан, салбарын ноёрхлоо бататгаснаас хойш ердөө нэг жилийн дараа дахин ийм шийдвэр гаргаж байна.



