Эрчим хүчний нүүрсний эрэлт энэ оны эхний улиралд нэмэгдэж, нийлүүлэгч уурхайнууд ашигтай ажиллах нөхцөл бүрдсэн байна. Тухайлбал, Энэтхэг улсын төрийн өмчит уул уурхайн Coal India компани 4-р сарын 27-нд улирлын санхүүгийн тайлан болон гүйцэтгэлийн тайлангаа танилцуулж, хүлээлтээс давсан үзүүлэлт гаргасан байна. Үүнд нүүрсний үнийн өсөлт болон АНУ/Израилийн Ираны эсрэг дайнтай холбоотой хийн нийлүүлэлтийн тасалдал нүүрсний хэрэглээг нэмэгдүүлж нөлөөлсөн байна.
Энэ оны 1-р улирлын гүйцэтгэлээр тус компани 108.39 тэрбум рупи буюу 1.15 тэрбум ам.долларын нэгтгэсэн цэвэр ашигтай ажилласан нь шинжээчдийн таамаглаж байсан 92.24 тэрбум рупигээс давсан байна. Энэ оны 3-р сарын 31-нээр компанийн нэгтгэсэн цэвэр ашиг өнгөрсөн оны мөн үеийн 97.52 тэрбум рупигээс 11.2%-иар өссөн байна.
Coal India-ийн борлуулалтын хэмжээ өнгөрсөн оныхоос 1.4%-иар бага байгаа ч олборлолт нэмэгдсэн нь ашиг өсөхөд нөлөөлсөн байна. Түүнчлэн нэг тонн нүүрсний борлуулалтын дундаж үнэ 6%-иар өсөж 2,289.58 рупи болсон нь орлогын өсөлтөд эерэг нөлөө үзүүлсэн байна.
Харин Хятад улсын хувьд эрчим хүчний салбартаа нүүрсний хэрэглээгээ үе шаттайгаар сэргээн нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж эхлээд байна. Энэ оны эхний улиралд Хятад улсын дулааны цахилгаан станцуудын үйлдвэрлэл 3.7%-иар өссөн байна. Үүнийг нөхцөлдүүлсэн гол хүчин зүйл нь Хятад улсад энэ оны эхний улиралд эрчим хүчний эрэлт 5.2%-иар өссөн явдал байв. Өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангахад Хятад улс нүүсэнд илүүтэй найдаж байгаа тул цаашид ч эрчим хүчний нүүрсний хэрэглээгээ нэмэгдүүлэх төлөв ажиглагдаж байна. Энэ тохиолдолд эрчим хүчний нүүрс экспортлогч Монгол улсын хувьд ч ойрын ирээдүйд нүүрсний үнэ тотвортой байж эрэлт нэмэгдэх эерэг хүлээлтийг үүсгэж байна.



