Эрчим хүчний хямралт байдал үргэлжилсээр байгаа энэ үед нүүрс дахин анхаарлын төвд орж байна. Гэхдээ өнгөрсөн хугацаанд нүүрс төрөгчийн давхар исэл болон бусад хорт бодисын ялгаралыг бууруулах олон улсын хүчин чармайлтын хүрээнд цэвэр нүүрсний технологи ирээдүйн тренд болох төлөв ажиглагдаж байна.
Зах зээлийн судалгаа, зөвлөх үйлчилгээний “SNS Insider” агентлагийн мэдээлснээр, дэлхийн цэвэр нүүрсний технологийн зах зээл 2025 онд 4.65 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байсан бөгөөд 2035 он гэхэд 8.84 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Ингэснээр тус зах зээл 2026-2035 оны хооронд жилд дунджаар 6.69 хувийн өсөлттэй байх төлөв харагдаж байна.
Зөвхөн АНУ-ын цэвэр нүүрсний технологийн зах зээлийн үнэлгээ 2025 онд 840 сая ам.доллар байсан бол 2026 оноос 2035 он хүртэл жилд дунджаар 7.83 хувийн өсөлт үзүүлснээр 1.79 тэрбум ам.долларт хүрэхээр хүлээгдэж байна.
Цэвэр нүүрсний технологийн өсөлтөд дэлхий даяарх утаа ялгарлын хатуу зохицуулалт, нүүрстөрөгчийг барих шийдлүүдийн нэвтрүүлэлт, нүүрс шатаах дэвшилтэт технологиуд, засгийн газрын дэмжлэг болон эрчим хүчний илүү цэвэр хувилбаруудын эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна.
Хэрэглээний салбараар авч үзвэл, өнгөрсөн жил нүүрсийг хүхэргүйжүүлэх (desulphurisation) технологи нь цэвэр нүүрсний технологийн зах зээлийн 55 хувийг эзэлж, тэргүүлсэн байна. Энэ нь аж үйлдвэрийн байгууламжуудаас ялгарах хүхрийн агууламжийг бууруулахыг шаардсан байгаль орчны хатуу зохицуулалттай холбоотой юм.
Компаниуд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаас ялгарах азотын ислийг хамгийн бага түвшинд байлгахыг эрмэлзэж байгаа тул азотгүйжүүлэх (denitrification) салбар 2026-2035 оны хооронд хамгийн өндөр өсөлтийг үзүүлэх төлөвтэй байна.
Нүүрсний төрлөөр авч үзвэл, битумт нүүрс (bituminous coal) нь эрчим хүчний нягтрал өндөр, олдоц ихтэй, цахилгаан эрчим хүч болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахад тохиромжтой байдгаараа 2025 онд цэвэр нүүрсний технологийн зах зээлийн 44 хувийг эзэлж, тэргүүлсэн болохыг “SNS Insider” онцолжээ.
Харин субантрaцит (sub-bituminous) нүүрсний төрөл нь 2026-2035 онд хамгийн хурдацтай өсөх төлөвтэй байна. Учир нь энэ төрлийн нүүрс хүхэр багатай, шаталт сайн байдаг нь байгаль орчинд ээлтэй сонголт болдог байна.
Шаталтын аргаар нь авч үзвэл, нунтаг нүүрсний шаталтын (pulverized coal combustion) технологи нь томоохон цахилгаан станц болон үйлдвэрүүдэд өргөнөөр ашиглагддаг тул 2025 оны зах зээлийн 51 хувийг эзэлжээ.
Нүүрсийг хийжүүлэн синтез-хий (syngas) гаргаж авахад зориулагдсан “Нүүрс хийжүүлэх нэгдсэн циклийн технологи” нь 2026-2035 оны хооронд хамгийн өндөр өсөлтийг үзүүлэхээр хүлээгдэж байна.
Түүнчлэн нүүрсийг эрчим хүч болон химийн бүтээгдэхүүнд зориулсан синтез-хий болгон хувиргах чадвартай тул хийжүүлэх технологи (gasification) ирэх арваад жилд хамгийн өндөр өсөлттэй байх ажээ.
Байгаль орчны хатуу зохицуулалтууд нь аж үйлдвэрүүдийг нүүрстөрөгчийг багасгах, хийжүүлэх, шатаах сайжруулсан технологиудыг ашиглахад хүргэж байна. Эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэж, илүү хямд төсөр эх үүсвэр шаардлагатай байгаа нь цэвэр нүүрсний технологийг хөрөнгө оруулалтын хувьд сонирхолтой болгож байна гэж судлаачид онцолж байна.
Ингэснээр ойрын ирээдүйд олон улсын түвшинд эрчим хүчний нүүрсний эрэлт нэмэгдэж, байгаль орчны шаардлагын хүрээнд эрчим хүчний нүүрсийг гүн боловсруулах технологийн хөрөнгө оруулалт өсөх нь тодорхой байна.



