Энэ нь тус биржийн хувьд 2013 оноос хойш гарсан хамгийн том хэмжээний зэс гаргалт бөгөөд энэ алхам нь дэлхийн зэсийн зах зээлд хүчтэй хөдөлгөөн үүсгээд байна. АНУ-ын засаг захиргаа тус улсад импортолж буй зэсэнд нэмэлт татвар ногдуулах эсэх эцсийн шийдвэрийг ирэх 6 дугаар сарын сүүлээр гаргахаар төлөвлөж байна. Хэрэв татвар батлагдвал АНУ-ын дотоодын зэсийн үнэ эрс өсөх тул Трафигура татвар тогтоохоос өмнө хямд үнээр зэсээ АНУ-д байршуулахыг зорьсон байна.
Лондонгийн Металлын Бирж дээр 2013 оноос хойш ажиглагдаагүй хамгийн том хэмжээнд тооцогдох уг захиалгууд нь Нью-Йоркийн түүхий эдийн биржийн (Comex) зэсийн фьючерс үнэ LME-ийн ханшаас давж огцом өссөн үетэй давхацсан бөгөөд энэ нь арилжаачдад АНУ руу зэс нийлүүлэх асар том хөшүүргийг буюу ашиг олох боломжийг бүрдүүлж байна.
Трампын засаг захиргаа зэсийн импортод нэмэлт татвар ногдуулж магадгүй гэсэн хүлээлтээс шалтгаалан "Comex"-ийн гэрээний үнэ өнгөрсөн жилийн ихэнх хугацаанд LME-ийн ханшаас өндөр арилжаалагдаж ирсэн юм. Өнгөрсөн жил арилжаачид энэхүү үнийн зөрүүгээс ашиг олохын тулд АНУ руу түүхэнд байгаагүй их хэмжээний зэс тээвэрлэсэн бөгөөд "Трафигура" компани ийнхүү нөөцөө татаж байгаа нь зах зээл дэх уг томоохон арилжааны боломж шинэ эрч хүчээ авч байгаагийн тод илрэл юм.
Өнгөрсөн баасан гарагт Нью-Орлеан болон Балтимор дахь LME-ийн агуулахуудаас 30,000 гаруй тонн металл гаргах захиалга өгөгдсөн бөгөөд эдгээрийг "Comex"-ийн агуулахууд руу шилжүүлэх эсвэл АНУ-ын зах зээл дэх эцсийн худалдан авагчдад нийлүүлэх магадлалтай байгааг эх сурвалжууд мэдээлэв. Түүнчлэн, "Comex"-ийн зэсийн үнэд импортын татвар багтсан байдаг бол LME-ийн үнэд багтдаггүй нь арилжааны ийм ашигтай боломжийг бүрдүүлж байгаа юм.
Мөн Ази дахь LME-ийн агуулахуудаас орчим 20,000 тонн зэсийг эргүүлэн татжээ. Энэхүү металлын тодорхой хэсгийг АНУ руу тээвэрлэх нь ашигтай байж болох ч Хятад улсад үнэ өсөж байгаа нь зэсийг тус улс руу нийлүүлэх хөшүүргийг мөн адил бий болгож байна.
Ийнхүү зэсийн зах зээл дээрх татан авалтууд нь зэсийн эрэлтийг улам бүр нэмэгдүүлж, үнийг өсгөх гол нөхцөл болж байна. Нөгөө талаас энэ нь АНУ-ын хувьд зэсийн стратегийн нөөцөө бүрдүүлэх худалдааны бодлогын нэг хэсэг ба энэ нь Хятад улсын зэсийн салбар дахь нөлөөллийг багасгах зорилготой байж болох юм.



