Энэхүү хэлэлцээрийн дагуу гурван компани өөр өөрсдийн туршлага, ур чадвараа ашиглан нийлүүлэлтийн сүлжээг бий болгох нарийвчилсан судалгаануудыг үргэлжлүүлэн хийх юм.
Талууд устөрөгч нь Европын эрчим хүчний шилжилтийн гол хөдөлгөгч хүч болж чадах бөгөөд Гамбург хот нь Германы гарц болоход хамгийн тохиромжтой байрлалтай гэж үзсэн байна.
Эдгээр 3 компанийн түншлэлийн хүрээнд MB Energy компанийн дэд бүтэц, шатахуун түгээх станцын сүлжээ болон арилжааны туршлагаа, Daimler Truck-ийн дараагийн үеийн устөрөгчийн ачааны машины хөгжүүлэлт, мөн Kawasaki-гийн устөрөгч хадгалах болон тээвэрлэх анхдагч технологиудтай нэгтгэж байна.
Түншлэлийн зорилго нь Европын холбоонд зориулсан, цаашид өргөжүүлэх боломжтой олон улсын устөрөгчийн импортын коридорыг бий болгох явдал юм.
Шингэрүүлсэн устөрөгчийн найдвартай нийлүүлэлтийн сүлжээг бий болгох нь эрчим хүчний аюулгүй байдлыг хангахаас гадна тогтвортой хөгжлийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна.
Дараагийн арван жилд Европ даяар устөрөгчөөр ажилладаг ачааны машины хэрэглээг нэмэгдүүлэх нь зөвхөн шингэн устөрөгчийн найдвартай, өрсөлдөхүйц нийлүүлэлт бий болсон тохиолдолд л боломжтой гэдгийг Daimler Truck-ийн зүгээс онцолсон байна.
Daimler Truck компани энэ оны сүүлээс эхлэн шингэн устөрөгчөөр ажилладаг түлшний элемент бүхий 100 ачааны машиныг хэрэглэгчдийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Устөрөгчөөр ажилладаг түлшний элементтэй ачааны машинуудыг 2030 оны эхээр цувралаар үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байна. Энэ хугацаанд ачааны машин үйлдвэрлэгч компани шаардлагатай дэд бүтэц бэлэн болно гэж үзэж байгаа бөгөөд үүнтэй адил хэлэлцээрүүдийн ачаар шингэн устөрөгчийг зах зээлийн өрсөлдөхүйц үнээр авах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

