Талууд “Egyptalum” компанийн Наг-Хаммади цогцолборт жилд 300,000 тонн анхдагч хөнгөн цагаан, 150,000 тонн анодын хөнгөн цагаан үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ үйлдвэрийг барих, эзэмших, ашиглах чиг үүрэг бүхий бие даасан компани байгуулахаар төлөвлөж байна. Эдгээр байгууламжууд ашиглалтад орсноор тус цогцолборын одоогийн үйлдвэрлэлийн хүчин чадал бараг хоёр дахин нэмэгдэх юм.
Трафигура компани нь шинээр байгуулагдах компанид хувьцаа эзэмшигчээр оролцохоос гадна зээлийн санхүүжилт олгогч, мөн түүхий эд нийлүүлэх болон бэлэн бүтээгдэхүүнийг урт хугацаанд худалдан авах (offtake) гэрээний тал болж ажиллана.
Дэлхийн хэмжээнд хөнгөн цагааны нөөц түүхэн доод түвшинд байгаа энэ үед тус шинэ хайлуулах үйлдвэр нь анхдагч хөнгөн цагааны чухал эх үүсвэр болж, дэлхийн зах зээл дэх нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэх, тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх юм байна. Мөн энэхүү төсөл нь нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийн стратегийн ач холбогдлыг тодотгож байна.
Trafigura компанийн металл болон ашигт малтмалын газрын дарга Гонзало Де Олазаваль хэлсэн үгэндээ, “Бид хөнгөн цагааны салбарт арвин туршлагатай “Egyptalum” компанитай хамтран ажиллаж байгаадаа, мөн MIH-ээр дамжуулан Египетийн засгийн газрын дэмжлэгийг авч байгаадаа баяртай байна. Одоо байгаа байгууламжууд дээрээ түшиглэн Египет улс томоохон үйлдвэрлэгч болох боломжтой бөгөөд бид тус улсын энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхдээ баяртай байна” гэдгийг онцолсон байна.
Энэхүү мега төсөл нь Египет улсын хөнгөн цагааны үйлдвэрлэлийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, тус улсын аж үйлдвэрийн салбарт томоохон түлхэц үзүүлнэ гэж шинжээчид үзэж байна.

