Хятад улс дэлхийн нийт цэвэр зэсийн хэрэглээний 60%-ийг дангаараа бүрдүүлж буй гол тоглогч хэвээр байна. Өмнө нь барилгын салбар гол эрэлтийг үүсгэдэг байсан бол одоо сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашин (EV), болон хиймэл оюун ухааны (AI) дата төвүүд зэсийн хэрэглээний шинэ хөдөлгүүр болж байна. Хятадын засгийн газраас хэт өндөр хүчдэлийн (UHV) дамжуулах шугам болон эрчим хүчний сүлжээний шинэчлэлд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа нь зэсийн хэрэглээг дэмжиж байна. Хятад улс зэсийн баяжмалын импортоо нэмэгдүүлж, дотоодын хайлуулах үйлдвэрүүдийн хүчин чадлыг өргөтгөснөөр цэвэр зэсийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж байна. Гэхдээ геополитикийн хүндрэл зах зээлийн бүтцийг санаад оромгүйгээр өөрчилсөөр байна. Судлаачдын үзэж байгаагаар энэ онд болон дараа жил зэсийн баяжмалын хувьд эрэлт, нийлүүлэлтийн гинжин хэлхээ савалгаа багатай харин цэвэр зэсийн зах зээл дээр нийлүүлэлтийн илүүдэл үүсч болзошгүй гэж таамаглаж байна. Тухайлбал, дэлхийн цэвэршүүлсэн буюу цэвэр зэсийн зах зээл 2026 онд 96,000 тонн илүүдэлтэй гарахаар хүлээгдэж байгаа бөгөөд энэ нь өмнө нь таамаглаж байсан 150,000 тонны алдагдлыг өөрчилж буй үзүүлэлт юм. Энэ нь эрэлтийн өсөлт саарч, хоёрдогч үйлдвэрлэл нэмэгдсэнтэй холбоотой гэж үзэж байна.
Олон улсын зэсийн судалгааны групп (ICSG)-ийн зүгээс 2027 онд 377,000 тонны илүүдэл гарна гэж таамаглаж байгаа ч Ойрхи Дорнод дахь дайн зэрэг геополитикийн эрсдэлүүд болон худалдааны урсгалын өөрчлөлтүүд зах зээлийн тэнцвэрт байдалд нөлөөлж болзошгүйг анхааруулав.
Олон улсын зэсийн судалгааны групп (ICSG) дэлхийн цэвэр зэсийн хэрэглээ 2026 онд 1.6%-иар өснө гэж таамаглаж байгаа нь өмнөх 2.1%-ийн төсөөллөөс буурсан үзүүлэлт юм. Харин 2027 онд хэрэглээ 2%-иар өсөхөөр байна.
БНХАУ-ын эрэлт 2026 онд 1.9%-иар, бусад бүс нутгуудад 1.3%-иар өсөх төлөвтэй байгааг тус байгууллага онцоллоо. Мөн Европын Холбоо болон Японы хэрэглээ сул хэвээр байх ч Ази тивийн орнууд дэлхийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч хэвээр байна гэж үзэж байна.
Ази тив (Хятадаас гадна) дэлхийн зэсийн эрэлтийн өсөлтийг чиглүүлэгч бүс нутаг хэвээр байна. Энэтхэг улсын хувьд аж үйлдвэржилт, эрчим хүчний сүлжээний өргөтгөл болон тээврийн салбарын цахилгаанжуулалтаас шалтгаалан зэсийн эрэлт эрчимтэй нэмэгдэж буй "шинэ эрэлтийн төв" болж байна. Зүүн Өмнөд Азийн Вьетнам, Тайланд, Малайз зэрэг орнуудад үйлдвэрлэлийн баазууд нэмэгдэж байгаа нь цахилгаан тоног төхөөрөмж болон дэд бүтцийн зэсийн хэрэглээг нэмэгдүүлж байна.
Дэлхийн цэвэр зэсийн үйлдвэрлэл 2026 онд 0.4%-иар өсөх төлөвтэй байгаа бөгөөд зэсийн баяжмалын олдоц хязгаарлагдмал байгаа нь үүнд нөлөөлж байна.
Зэсийн баяжмалын олборлолтын тухайд 2026 онд 1.6%-иар өсөх төлөвтэй байгаа нь өмнөх 2.3%-ийн таамаглалаас буурсан үзүүлэлт юм. Энэ нь Конго (БНАСАУ), Чили, Индонез улсуудын олборлолт удааширсан, мөн Грасберг болон Камоа уурхайнуудад 2025 онд тулгарсан асуудлуудаас үүдэлтэй хязгаарлалттай холбоотой.



