“Самрук-Казына” (Samruk-Kazyna) нь Казахстаны төрийн өмчит үндэсний баялгийн сан бөгөөд нөгөө талаасаа тус улсын эдийн засгийн гол тулгуур салбаруудыг нэгтгэсэн томоохон хөрөнгө оруулалтын холдинг юм. Энэ утгаараа “Самрук-Казына”-г үйл ажиллагаа явуулдаг хэлбэрийнх нь хувьд стратегийн хөрөнгө оруулалтын холдинг гэж үзэж болно. Анх 2006 онд үндэс суурь нь тавигдаж, 2008 онд Казахстаны Ерөнхийлөгчийн зарлигаар “Самрук” болон “Казына” сангуудыг нэгтгэн зохион байгуулсан. Ойролцоогоор 80 гаруй тэрбум ам.долларын хөрөнгийг удирддаг. Тус сангийн цорын ганц хувьцаа эзэмшигч(sole shareholder) нь Казахстан Улсын Засгийн газар юм.
“Самрук- Казына” нь эрчим хүч, тээвэр, уул уурхай, харилцаа холбоо зэрэг стратегийн ач холбогдолтой салбарын 300 гаруй компанийг эзэмшдэг. Тухайлбал, газрын тос, хийн КазМунайГаз, уран олборлолт, боловсруулалтын Казатомпром, төмөр замын Казахстан темир жолы, агаарын тээврийн Эйр Астана, цахилгаан дамжуулах сүлжээний KEGOC зэрэг томоохон компаниудын хувьцааг эзэмшдэг."Самрук-Казына" сан нь 2012 оны 2-р сарын 1-нд батлагдсан “Үндэсний баялгийн сангийн тухай” (Law on Sovereign Wealth Fund) хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Энэхүү хуулиар сангийн эрх зүйн байдал, зорилго, зорилт, эрх үүрэг болон төрийн байгууллагуудтай хэрхэн харилцахыг зохицуулдаг. Хэдийгээр “Хувьцаат компани” хэлбэрээр байгуулагдсан ч “Үндэсний баялгийн сангийн тухай” хууль нь хууль зүйн хүчин чадлын хувьд Казакстаны “Хувьцаат компанийн тухай” ерөнхий хуулиас илүү эрэмбэтэй (тусгай зохицуулалттай) байдаг. Хуулиар Казахстаны Засгийн газар нь сангийн цорын ганц хувьцаа эзэмшигч байх боловч сангийн өдөр тутмын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хязгаарлаж, шийдвэр гаргах түвшний бие даасан байдлыг нь хангаж өгсөн байдаг. Сан болон түүний охин компаниуд нь төрийн худалдан авалтын ерөнхий хуулиас гадуур, өөрийн гэсэн тусгай журмаар бараа, үйлчилгээ худалдан авах эрхтэй байдаг. Энэхүү бие даасан хууль нь тус санг улс төрөөс хамаарал багатай, олон улсын жишигт нийцсэн бизнесийн зарчмаар ажиллах боломжийг бүрдүүлдэг байна. Сүүлийн жилүүдэд тус сан нь илүү өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтуудад анхаарал хандуулж ажилласнаар 2025 онд хөрөнгийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад 9.3%-иар өссөн байна. Энэхүү өсөлт нь төсвийн татаас гэхээсээ илүү хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт болон цэвэр ашгийн өсөлтөөс голлон бүрдсэн байна. Урьдчилсан гүйцэтгэлээр 2025 оны сангийн орлого 19.1 их наяд тенге, цэвэр ашиг нь 2.1 их наяд тенгед хүрсэн гэж үзэж байна. Олон улсын хэмжээнд хөрөнгийн багцын удирдлагыг хэрэгжүүлж эрчим хүч, тээвэр, газрын тос, хийн салбарт нийт 52 их наяд тенгегийн өртөг бүхий 120 орчим томоохон төслийг хэрэгжүүлж байна. Ингэснээр нийт хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийн үндэсний баялгийн сангууд дунд 22-р байранд жагсч байгаа бөгөөд Төв Азийн хамгийн амжилттай яваа Баялгийн сангаар тодроод байна. Сангийн үйл ажиллагааны стратеги 2 үндсэн чиглэлд тодорхойлогдсон. Үүнд: Улсынхаа стратегийн томоохон хөрөнгүүдийг нэгтгэн удирдаж, үндэсний чинээлэг байдлыг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах;(Олон улсын үндэсний баялгийн сангуудын форумд (IFSWF) гишүүнээр бүртгэгдсэн байдаг.) Өөрийн эзэмшилд байдаг ассетууд буюу охин компаниудын хувьцааг эзэмшиж, тэдгээрийн засаглалыг сайжруулах, үнэ цэнийг нь өсгөх замаар бизнесийн зарчмаар ажиллах.
Казакстанд газрын тосны орлогыг ирээдүй хойч үедээ хадгалах, төсвийг тогтворжуулах зорилготой “бэлэн мөнгөний” хуримтлалын сан буюу Казахстаны Үндэсний сан (National Fund), төрийн мэдлийн томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг удирддаг “активт суурилсан” хөрөнгө оруулалтын сан буюу “Самрук-Казына” гэсэн 2 өөр төрлийн сан үйл ажиллагаа явуулдаг. “Самрук-Казына” -гийн сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй хөрөнгийн удирдлагын портфолио(хөрөнгийн багцын) стратеги нь нилээдгүй амжилт олсоор байна. Тодруулбал, сан нь төрийн эдийн засаг дахь оролцоог бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор “Иж бүрэн хувьчлалын төлөвлөгөө”-г хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд томоохон компаниудын хувьцааг(IPO ба SPO) олон улсын болон дотоодын хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалж байна Одоогоор хамгийн амжилттай хэрэгжсэн IPO нь “КазМунайГаз” (2022), “Air Astana” (2024 оны 2-р сар) зэрэг компаниудын IPO юм. Ойрын ирээдүйд буюу 2026-2027 онд "QazaqGaz", "Казахстан Темир Жолы" (төмөр зам) болон "Samruk-Energy"-гийн хувьцааны зарим хэсгийг бирж дээр гаргахаар төлөвлөж байна. Ийнхүү стратегийн хөрөнгө оруулагчид шууд худалдах эсвэл дуудлага худалдаагаар дамжуулан хувийн хэвшилд шилжүүлснээр 2026 онд төрийн өмчит компаниудын ДНБ-д эзлэх хувийг 15% хүртэл бууруулах зорилт тавьсан.
Энэ бүхнээс дүгнэж үзвэл Казакстан улс Үндэсний баялгийн сан буюу “Самрук-Казына”-г үр ашигтай удирдаж, төв Азийн хэмжээнд төдийгүй дэлхийн хэмжээнд өрсөлдөх санг бий болгосон. “Самрук-Казына” нь өдгөө дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн баялгийн сангийн сайн жишиг болж чадсан.

