Учир нь хөрөнгө оруулагчид АНУ ба Ираны хооронд бараг хоёр сар үргэлжилсэн дайныг зогсоох хэлэлцээрийн талаар болгоомжтой байр суурьтай хэвээр байна. Энэ дайн дэлхийн инфляцын дарамтыг нэмэгдүүлсэн юм.
Спот алт 1%-иас илүү буурч, нэг унц нь ойролцоогоор $4,763 хүрсэн нь сүүлийн долоо хоногоос хойших хамгийн доод түвшин боллоо. АНУ-ын алтны фьючерс мөн 0.6%-иар буурч, Нью-Йоркт ойролцоогоор $4,800 орчимд арилжаалагдсан байна.
Энэхүү хөдөлгөөн нь АНУ ба Ираны хооронд үргэлжилж буй энхийн хэлэлцээний талаар зөрүүтэй мэдээллүүд гарсантай холбоотой. Өмнө нь Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр долоо хоногийн гал зогсоох хугацааг сунгах магадлал бага гэж мэдэгдэж, хэлэлцээр бүтэхгүй бол довтолгоог сэргээнэ гэж сүрдүүлсэн. Гэсэн ч тэрээр CNBC-д өгсөн ярилцлагадаа “маш сайн гэрээ” байгуулагдах хүлээлт байгааг мөн дурдсан.
OANDA-ийн MarketPulse-ийн шинжээч Зейн Вавда Reuters-т өгсөн тайлбартаа:
“Сүүлийн амралтын өдрүүдийн үйл явдал болон зөрүүтэй мэдэгдлүүдийн улмаас зах зээл АНУ-Ираны боломжит хэлэлцээрт эргэлзэж байна. Энэ нь одоогоор худалдан авагчдыг хязгаарлаж, тодорхой байдал бий болох хүртэл алтны үнийг нарийн хүрээнд барих магадлалтай” гэжээ.
Хоёрдугаар сарын сүүлээр Ойрх Дорнодын дайн эхэлснээс хойш дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийн чухал гарц болох Хормузын хоолой хаагдсанаар алтны үнэ ойролцоогоор 10%-иар буурсан байна. Энэ нь төв банкууд бодлогын хүүг бууруулах хүлээлтийг багасгаж, бага хүүгийн орчинд ашигтай байдаг алтанд сөрөг нөлөө үзүүлжээ. Сүүлийн долоо хоногуудад талууд дайныг зогсоох хэлэлцээг эхлүүлснээр алт бага зэрэг сэргэх шинж тэмдэг үзүүлж байгаа ч тодорхой шийдэл гарах хүртэл хөрөнгө оруулагчид болгоомжтой хэвээр байна.
Heraeus Precious Metals-ийн арилжаач Марк Лёфферт Bloomberg-т өгсөн тэмдэглэлдээ:
“Олон төрлийн хөрөнгийн зах зээлд хэлбэлзэл нэмэгдэх үед байр сууриа өөрчлөх, өрийн ачааллаа бууруулах хөдөлгөөнүүд гарах нь хэвийн. Энэ хэлбэлзэл хэсэг хугацаанд үргэлжлэх магадлалтай ч урт хугацаанд алт худалдан авах чадварыг хадгалах хэрэгсэл хэвээр байх болно” гэжээ.
Үүний зэрэгцээ мягмар гарагийн өглөө АНУ-ын Сенатын Банкны хорооны өмнө Холбооны Нөөцийн Сангийн тэргүүнд нэр дэвшигч Кевин Уоршийн сонсголыг зах зээл анхааралтай ажиглана. Хэрэв тэр энэ жил хүү бууруулах бодлого дэмжих хандлагатай байвал алтанд эерэг нөлөө үзүүлэх магадлалтай.
S&P Global-ийн шинжээчдийн үзэж байгаагаар алт богино хугацаанд хэлбэлзэлтэй хэвээр байх ч төв банкуудын эрэлт болон геополитикийн эрсдэл нь үнийн доод түвшнийг дэмжиж, бүтцийн хувьд тогтвортой хэвээр байлгах аж.



