Сингапурын бирж дээрх 11-р сарын төмрийн хүдрийн суурь үнэ GMT 07:04 цагийн байдлаар 0.56%-иар өсөж, тонн нь 91.1 ам.долларт хүрсэн байна.
Харин БНХАУ-ын Далианы түүхий эдийн бирж (DCE) дээрх хамгийн идэвхтэй арилжаалагдсан төмрийн хүдрийн фьючерс гэрээ өдрийн арилжааны өсөлтөө алдаж, 0.07%-иар бууран 683 юань (102.07 ам.доллар) болж хаагджээ.
Ган үйлдвэрлэлийн гол түүхий эд болох төмрийн хүдрийн үнэ өнгөрсөн долоо хоногт эрэлт сул байсан болон нийлүүлэлт нэмэгдэх хүлээлтээс шалтгаалан зах зээлд уналттай байсан юм. Хятадын Үндэсний баярын дараах ажил хэрэгч 3 өдөрт буюу 10-р сарын 8-наас 10-ны хооронд үйлдвэрүүдийн нөөц бүрдүүлэлт хүлээлтэд хүрээгүй бөгөөд ашгийн маржин бага байгаа тул зарим үйлдвэрүүд түүхий эдээ нөхөхөд болгоомжтой хандаж байна.
Гэсэн хэдий ч үйлдвэрлэлээ хэвийн үргэлжлүүлэхийн тулд энэ долоо хоногт илүү олон гангийн үйлдвэрүүд спот зах зээлд эргэн ирж, түүхий эдийн нөөцөө бүрдүүлэх төлөвтэй байгаа нь төмрийн хүдрийн үнийг дэмжих магадлалтай юм.
Гэвч уурхайнууд улирал болон жилийн төлөвлөгөөт зорилтоо биелүүлэхийн тулд 4-р улиралд тээвэрлэлтээ эрчимжүүлж байгаа тул нийлүүлэлт нэмэгдэх төлөв нь үнийн өсөлтийг хязгаарлаж байна.
Гангийн үйлдвэрлэлийн бусад чухал түүхий эд болох коксжих нүүрс болон коксын фьючерс үнэ нийлүүлэлтийн сэргэлт удаашралтай байгаад түгшиж буй хүлээлтээс шалтгаалан тус тус 1.88% болон 1.53%-иар өсжээ.
Шанхайн фьючерсийн бирж дээрх гангийн суурь үнүүд харилцан адилгүй байв. Арматурын үнэ 0.32%-иар, халуун цувисан ган хуудасны үнэ 0.12%-иар тус тус өссөн бол зэвэрдэггүй гангийн үнэ 0.89%-иар буурчээ.



