Монгол улсын орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсан өдөр буюу цэргийн баярыг хэзээнээс “Монголын цэргийн өдөр” хэмээн нэрлэж бүх нийтээр тэмдэглэж эхэлсэн бэ?
Ардын цэрэг 1921 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Хиагт хотыг харийн түрэмгийлэгчдээс бүрэн чөлөөлжээ. Хиагтыг чөлөөлсөн явдал нь Ардын журамт цэрэг эх орноо чөлөөлөх тэмцэлд анхны ялалт байгуулсан түүхэн үйл явдал байсан. Улмаар Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжин Маршал Х.Чойбалсан Монгол Ардын хувьсгалт цэргийн ойн баярын өдрийн тухай тогтоол гаргах хүсэлт тавьсаны дагуу БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар сарын 28-ны өдөр хуралдсан 32 дугаар хурлаар Монгол Ардын хувьсгалт цэргийн баярын өдрийг тэмдэглэх тухай хэлэлцэж Монгол Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж анхны ялалтаа байгуулсан гуравдугаар сарын 18-ны өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” болгон жил бүр улс нийтээр ёслон тэмдэглэх тогтоол гаргаж, энэ өдрийг цэргийн алба хаагчдын амралтын өдөр болгох болжээ.
Харин 2003 оны 12-р сарын 18-нд Монгол Улсын УИХ-аас батлан гаргасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар 3-р сарын 18-ныг “Зэвсэгт хүчний өдөр” хэмээн тэмдэглэх болсон байна. Гэвч энэхүү өдрийг зөвхөн батлан хамгаалах салбарын хэмжээнд тэмдэглэдэг нь зарим талаар учир дутагдалтай юм гэж үзэж батлан хамгаалах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж буй, оруулах, тангараг өргөж цэрэгт алба хаасан, хаах бүх нийтийн баяр болгох үүднээс 2011 онд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-ийн 5.1.2-ын “Зэвсэгт хүчний өдөр” гэснийг “Монгол цэргийн өдөр” болгон нэмэлт өөрчлөлт оруулжээ.


