Sasol компани энэ онд хөрөнгө оруулагчиддаа буюу хувьцаа эзэмшигчиддээ 120%-ийн өгөөжийг ам.доллароор өгсөн бөгөөд өнгөрсөн жилийн 45%-ийн өсөлт дээр суурилсан энэхүү гүйцэтгэл нь тус компанийн түүхэн үзүүлэлт болоход ойрхон байна.
Тус компанийн хувьцаа 2022 оны 6 сараас 2025 оны 4 сарын хооронд өрийн дарамт болон төслийн саатлаас шалтгаалж үнэ цэнийнхээ 85%-ийг алдаад байсан тул өнөөгийн энэхүү сэргэлт, үсрэлт нь тус компанид маш том эерэг ирээдүй байгааг харуулж байна гэж судлаачид онцолж байна.
Sasol компани 9 дүгээр сарын 1-нд танилцуулсан тайландаа өөрсдийн Секунда (Secunda) үйлдвэр дэх синтетик түлшний үйлдвэрлэл буюу нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн гүйцэтгэл сүүлийн 5 жилийн хамгийн дээд цэгтээ хүрч ажиллаж байгааг дурджээ.
Уламжлалт үйлдвэрүүд түүхий тосыг зах зээлээс баррелийг нь ~100 ам.доллароор худалдаж авч байгаа бол Sasol түүхий эдээ маш бага зардлаар бэлтгэж, бэлэн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн өндөр үнээр борлуулж байна.
Sasol-ийн энэхүү амжилт нь Өмнөд Африкийн эдийн засгийн шинэчлэл болон инфляци буурч байгаатай давхцаж, хөрөнгө оруулагчдын итгэлийг улам нэмэгдүүлж байна. Компанийн санхүүгийн байдал ч эрс сайжирч, 6 дугаар сарын 30-наар дуусгавар болсон санхүүгийн жилд хуримтлагдсан өр нь 11%-иар буурчээ. Удирдлагуудын зүгээс хэрэв өр үргэлжлэн буурвал сүүлийн 2 жилийн хугацаанд анх удаа ногдол ашиг (dividends) олгож эхэлнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Тус компанийн хувьцаа 2 дугаар улирал эхэлснээс хойш 43%-иас илүү өссөн бөгөөд энэ нь тухайн улсын хөрөнгийн биржийн үндсэн индекс 1.9%-иар унасантай харьцуулахад маш өндөр үзүүлэлт юм.
Энэ оны эхээр зарим шинжээчид хувьцааны үнэ түүхэн дунджаасаа хэт өндөр харагдаж байна хэмээн хөрөнгө оруулагчдад ашгаа авч хувьцаагаа зарахыг зөвлөж байсан юм.



