АНУ-ын Геологийн алба болон олон улсын судалгааны байгууллагуудын үзэж буйгаар энэхүү шинэ бодого нь Хятад улсыг жонш экспортлогч орноос жонш импортлогч орон болгож байна.
Хятад улс жилд 6 сая орчим тонн жонш олборлож, дэлхийн нийт үйлдвэрлэлийн 70 орчим хувийг дангаараа хангаж байна. Сүүлийн жилүүдийн эрчимтэй олборлолтын улмаас Хятадын жоншны нөөц-үйлдвэрлэлийн харьцаа 11.75 жил (зарим бие даасан уурхайнуудад 7 жил) хүртэл буурсан нь дэлхийн дунджаас хавьгүй доогуур үзүүлэлт болоод байна. Иймд Хятадын Засгийн газар хайлуур жоншийг "Стратегийн критикал ашигт малтмал"-ын жагсаалтад албан ёсоор оруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг хуулиар бүрэн хориглосон сөрөг жагсаалтыг шинэчлэн баталжээ.
Түүнчлэн Хятад улс түүхий жонш гаргахыг хязгаарлаж, харин дотооддоо хагас дамжуулагч, литийн батарейд ашиглагддаг өндөр цэвэршилтийн фторт устөрөгчийн хүчил болон фторын химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадлыг дэлхийн нийт хэрэгцээний 50-70 хувьд хүртэл нэмэгдүүлээд байна. Өнөөдрийн байдлаар Зүүн хойд Азийн зах зээлд жоншны үнэ өмнөх үеэс 7.7%-иар өсөж, кг тутамдаа 0.56 ам.доллар буюу тонн нь 560 ам.доллар орчим болоод байна.
Хятад улсын түүхий жоншны экспортыг хязгаарласан шинэ бодлого, зохицуулалт нь тус улсад жонш экспортолдог Монгол улсын хувьд ойрын ирээдүйд экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх бодит зах зээлийн боломжийг үүсгэж байна. Одоогийн байдлаар Хятадын хайлуур жоншны импортын 80 гаруй хувийг зөвхөн Монгол Улсаас нийлүүлж байна.
Монгол Улс хайлуур жоншны тогтоогдсон нөөцөөрөө дэлхийд БНХАУ, Мексик, ӨАБНУ-ын дараа 4 дүгээр байранд ордог бөгөөд өнөөгийн байдлаар манай улсад хайлуур жоншны 160 гаруй орд, 500 гаруй илрэл тогтоогдоод байна.
Манай улсын жоншны хүдрийн фторт кальцийн (CaF₂) дундаж агуулга ихэвчлэн 20–55 хувийн хооронд хэлбэлздэг. Дотоодын баяжуулах үйлдвэрүүд эдгээр түүхий хүдрийг боловсруулан олон улсын зах зээлд өндөр үнээр борлогддог 95–97%-ийн агуулгатай флотацийн баяжмал (ФФ-95, ФФ-97 марк) болгон үйлдвэрлэж байна.



