Гэвч энэ нь уг хомсдолын үр нөлөөг нөхөхөд хангалтгүй байж магадгүй юм. Учир нь уг журам хараахан хүчин төгөлдөр болоогүй байхад европчууд хэдийнэ хүнд байдалд ороод байна.
Европын Холбооны Уур амьсгалын зорилтот хөтөлбөрийн хүрээнд батлагдсан энэхүү журам нь эрчим хүчний салбараас ялгарч буй метаны (CH₄) хийг бууруулах зорилготой хууль тогтоомж юм. Метан нь нүүрсхүчлийн хийнээс (CO₂) илүү уур амьсгалын дулааралд хүчтэй нөлөөлдөг тул ЕХ үүнийг хатуу хянахаар шийдвэрлэсэн байна. Тус журмын гол шаардлага нь мэдээллийн ил тод байдал бөгөөд ЕХ-ны аж ахуйн нэгжүүдэд шингэрүүлсэн байгалийн хий (ШБХ/LNG) худалдаж буй гадаадын компаниуд хийн цооногоос эхлээд танкерт ачих хүртэлх бүх шатанд ялгарсан метаны хэмжээг (метаны ул мөр) баримтжуулж өгөх ёстой. Түүнчлэн хийн алдагдлыг тогтмол илрүүлж, засварлах (LDAR) стандарт мөрдөх шаардлагатай тулгарч байна. Европын Холбоонд гол хий нийлүүлэгч АНУ-ын экспортлогчид үүнийг үйлдвэрлэгчдэд хэт их санхүүгийн болон албан бичгийн дарамт учруулсан “худалдааны хориг” гэж үзэж байна.
Тэгвэл яг одоогийн нөхцөлд Еропын Комисс уур амьсгалын зорилтоос илүүтэйгээр өвлийн улирлын эрчим хүчний аюулгүй байдал, хийн хүртээмжийг нэн тэргүүнд тавихаас өөр аргагүйд хүрсэн тул уг журмыг 1 жилээр хойшлуулах нөхцөл байдал үүсээд байна.
Эрчим хүчний асуудал эрхэлсэн комиссар Фан Йоргенсен (Fan Jorgensen) энэ долоо хоногт Bloomberg агентлагт өгсөн ярилцлагадаа “Би хууль тогтоомжийн импортын хэсгийг нэг жилээр хойшлуулах боломжийг судлах үүргийг өөрийн албаныханд өгсөн. Ингэснээр зах зээлийн оролцогчдод нийлүүлэлтийн аюулгүй байдал болон үнэд хохирол учруулахгүйгээр эдгээр шинэ дүрмийг бодитоор хэрэгжүүлэх хугацааг олгоно” гэж мэдэгджээ.
Үнэн хэрэгтээ Европын Холбооны хийн импортын зах зээл дэх гол тоглогчид метан хийн журмыг эсэргүүцээд эхэлсэн бөгөөд энэ нь оны эхээр уг журмыг хэрэгжүүлэхийг анх удаа хойшлуулахад хүргэсэн юм. Тухайн үед импортлогчдод дүрэм журамд дасан зохицох хугацаа олгох үүднээс эхний жилд торгууль ногдуулахгүй байх дэглэм тогтоосон ч ЕХ-нд шингэрүүлсэн байгалийн хий (ШБХ/LNG) нийлүүлдэг хамгийн том хоёр улс үүнийг дагаж мөрдөх бодолгүй байгаагаа илэрхийлсэн байна.
АНУ болон Катар улсууд ШБХ-ийг ЕХ-ны аж ахуйн нэгжид худалдаж буй аливаа компаниас цооногоос эхлээд танкер хүртэлх түүхий эдийнхээ метаны ул мөрийн талаарх мэдээллийг өгөхийг шаардсан метаны журмын эсрэг удаа дараа дуугарсаар ирсэн.
АНУ-ын Эрчим хүчний нарийн бичгийн дарга Chris Wright өнгөрсөн оны сүүлчээр уг журмыг хэрэгжүүлэх боломжгүй гэж мэдэгдээд, үүнийг “АНУ-ын экспортлогчид болон манай худалдааны харилцаанд үндэслэлгүй дарамт учруулж буй тарифын бус худалдааны эгзэгтэй хориг саад” хэмээн тодорхойлсон байна. АНУ уг журмаас 2035 он хүртэл чөлөөлөгдөхийг шаардсан ч ЕХ-ны эрчим хүчний комиссар тухайн үед хатуу байр суурь баримталж, уг журам бүх хүнд ижил үйлчилнэ гэж мэдэгдэж байв. Учир нь эрчим хүчний аюулгүй байдал нь нүүрстөрөгчийн ялгарлыг тэглэх (net-zero) төлөвлөгөөнөөс хамаагүй чухал юм.
Катар улс Хэрэв Европын Комисс уг журмыг хэрэгжүүлбэл ЕХ-нд хийх борлуулалтаа зогсооно гэж шууд бөгөөд удаа дараа сүрдүүлсэн. Эцэст нь тэд ЕХ-нд хийх борлуулалтаа зогсоохоос өөр аргагүйд хүрч, АНУ Европын Холбооны хамгийн том ШБХ нийлүүлэгч болон үлдсэн юм. Гэвч АНУ метаны журмыг маш хүчтэй эсэргүүцсэн хэвээр байна.
Метаны журмын хүчин төгөлдөр болох хугацааг хойшлуулах нь Америкийн ШБХ-ийн тогтвортой урсгалыг хангаж чадах ч ЕХ-ны үнийн асуудлыг шийдэж чадахгүй. ЕХ үнийн маш ноцтой асуудалтай тулгараад байгааг Йоргенсен саяхны мэдэгдэлдээ хүлээн зөвшөөрсөн юм.
Иймд метаны журмыг хойшлуулах нь ШБХ-ийн худалдааны талаарх АНУ-ын түгшүүрийг шийдэж, өвлийн оргил эрэлтийн саруудад ЕХ-ны гишүүн орнуудад шингэрүүлсэн хийн тасралтгүй урсгалыг хангах хэдий ч энэ нь тухайн хийн үнийг хямдруулахад дорвитой нөлөөлөхгүй нь тодорхой байна.
Спот зах зээл дээрх хийн үнэ одоогоор 2022-2023 онд ажиглагдаж байсан түвшинд хүрч, Европын нийлүүлэлтийн нөөц дөрвөн жилийн өмнөхөөс багассан байна.
