Түүний нэг жишээ нь Ардчилсан нам саяханаас улс орон даяар “Өөрчилье” санаачилга дэвшүүлж, ирэх сонгуулиудын стратеги, тактикаа боловсруулж буй бололтой. Тэдний дэвшүүлж буй энэ бодлого санаачилгын түлхүүр үг болох “өөрчлөлт” буюу “өөрчилье” гэсэн агуулгатай уриа үгийн тухай түүхэн талаас нь товчхон авч үзье.
Орчин үеийн улс төрийн маркетинг, сурталчилгааны систем бүрэлдэж тогтсон 20-р зууны 70-аад оны үеэс эхлэн “өөрчлөлт” буюу “өөрчилье” гэсэн үгс улс төрийн бодлого, стратеги болж өргөнөөр хэрэглэгдэж эхэлжээ.
Анхны улс төрийн сонгуулийн урианууд нь ихэвчлэн нэр дэвшигчийн нэр хүнд, орон нутгийн дэмжлэг эсвэл тухайн үеийн дайн, эдийн засгийн нөхцөл байдалд суурилсан байдаг байв. Тухайлбал, Абрахам Линкольн 1864 онд “Голд морьдоо бүү соль” (Don't Change Horses Midstream) гэдэг уриа ашиглаж байжээ. Энэ уриа нь монгол хэлний “Гарман дээр морио юүлдэггүй” гэдэг үгтэй ижил утгатай юм. Тэгвэл 1970-аад оноос улс төрд сонгогчдын сэтгэл зүйг судлах, имиж бүрдүүлэх арга ухаан эрчимжсэн. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Жими Картер 1976 онд “Өөрчлөлт хийх лидер” (A Leader, For a Change) гэсэн утгатай уриаг албан ёсоор дэвшүүлж, олон нийтийн бухимдалд тулгуурласан өөрчлөлтийн агуулгыг амжилттай нэвтрүүлсэн байна. Үүнээс хойш өөрчлөлтийн уриа үг 1990 ээд онд эрчээ авснаар Билл Клинтон 1992 оны сонгуульд өөрчлөлтийн бодлогыг илүү тодотгож, сонгогчдын анхаарлыг эдийн засаг болон нийгмийн шинэчлэлт рүү хандуулснаар энэ төрлийн уриа улс төрийн сонгуулийн стандартыг тогтоожээ.
Сүүлд Барак Обамагийн дэвшүүлсэн “Бидний итгэж болох өөрчлөлт” (Change We Can Believe In) уриа нь энэ төрлийн агуулгыг дэлхий даяар хамгийн алдартай, хүчтэй нөлөөтэй улс төрийн брэнд болгосон юм. Ард түмний зүгээс төр засаг, эдийн засгийн байдалд сэтгэл дундуур байгаа сонгогчдыг нэгтгэхэд энэ уриа хамгийн хүчтэй нөлөө үзүүлдэг байна. Гэхдээ "өөрчлөлт" “өөрчилье” гэсэн агуулгатай сонгуулийн уриа үгс нь түүхэндээ дандаа амжилт ялалтыг авч ирж байсангүй. Сонгогчид одоогийн тогтворгүй байдал нь эрх баригчдаас бус геополитикийн болон гадаад хүчин зүйлээс хамааралтай гэдгийг ойлгож, одоогийн байдал нь улам дордох болов уу гэдгээс айх, эсвэл нэр дэвшигчийн өөрчлөх амлалтад эргэлзэх үед энэ уриа бүрэн бүтэлгүйтэж, эсрэгээрээ ялагдал хүлээх шалтгаан болдог байна. Ийм жишээ улс төрийн түүхэнд олон тохиолдож байсан бөгөөд хамгийн тод бүтэлгүйтсэн жишээнүүд: Мальта: "Жинхэнэ өөрчлөлт" (Bidla ta' Vera) Сөрөг хүчний эвсэл сонгуулиар "Жинхэнэ өөрчлөлт" гэсэн уриатайгаар хүчтэй дайралт хийсэн. Гэвч тухайн үед тус улсын эдийн засаг 10 гаруй жил тогтвортой, иргэдийн амьдрал боломжийн байсан тул сонгогчид "тодорхойгүй, гэнэтийн өөрчлөлт"-өөс эмээж, хуучин эрх барьж байсан хүчнийг (тогтвортой байдлыг) сонгосноор энэ уриа бүдэрсэн юм. Энэтхэг: БҮХ намуудын "Өөрчилье" уриа (2004 он) Энэтхэгийн ерөнхий сонгуулиар эрх баригч нам нь "Гялалзсан Энэтхэг" (India Shining) гэсэн уриатай орсон бол сөрөг хүчнийхэн "Үүнийг өөрчилье, эгэл ардад юу наалдсан бэ?" гэдэг агуулгыг сөргүүлсэн байна. Маркетингийн компаниудын зохиосон энэхүү хийсвэр "өөрчлөлт"-ийн уриа нь хөдөө орон нутгийн ядуу иргэдийн бодит амьдралаас дэндүү тасархай байсан тул олон нийтийн дэмжлэг авч чадалгүй, уриаг боловсруулсан намууд хүнд ялагдал хүлээсэн. АНУ: Жорж Буш / Дик Чейни (1992 он) Жорж Буш (эцэг) ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихдээ "Шинэ дэлхийн дэг журам, өөрчлөгдөж буй дэлхий" гэсэн агуулгаар гадаад бодлогын өөрчлөлтийг уриалсан. Гэвч сонгогчид гадаад ертөнцийн биш, дотоодын эдийн засгийн бодит өөрчлөлтийг хүсэж байв. Энэхүү буруу чиглэсэн "өөрчлөлт"-ийн мессежийг нь Билл Клинтон чадварлаг ашиглаж, Бушийг ялсан. Аргентин: "Өөрчилье!" (Cambiemos) эвслийн дараах уналт Тус улсад "Cambiemos" буюу "Өөрчилье!" нэртэй улс төрийн томоохон эвсэл байгуулагдаж, эхэндээ амжилт олсон боловч амласан өөрчлөлт, шинэчлэл нь эдийн засгийн хямралыг улам гүнзгийрүүлсэн тул дараагийн сонгуулиудаар "өөрчлөлт" гэдэг үг өөрөө иргэдийн хувьд "хууран мэхлэлт" гэсэн утгатай болж хувиран, бүрэн дампуурсан түүхтэй.
