Австралийн эрх баригчид "Orange is the New Black" цувралын жүжигчин Руби Рөүзтэй холбоотой 2010 оны хэргийг шалгаж эхэлснээ албан ёсоор мэдэгдэв. Рөүз энэ долоо хоногийн эхээр дуучин Кэти Пэрриг бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн олон нийтийн сүлжээнд нийтэлсэн юм.
Уг гомдол нь 2010 онд Мельбурн хотын нэгэн шөнийн клубт болсон гэх үйл явдлаас үүдэлтэй бөгөөд Кэти Пэрри үүнийг тухайн үед нь үгүйсгэж байжээ.
Виктория мужийн цагдаагийн газраас CNN агентлагт өгсөн мэдэгдэлдээ, Мельбурн хотын Бэлгийн хүчирхийлэл болон хүүхдийн эсрэг гэмт хэргийг мөрдөх баг (SOCIT) Мельбурны төв дүүрэгт гарсан гэх Рөүзийн гомдлыг шалгаж байгааг баталлаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Кэти Пэрри өөрийн төлөөлөгчөөрөө дамжуулан уг мэдээллийг няцаасан юм. Түүний төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаа зарлагдахаас өмнө CNN-д өгсөн тайлбартаа Рөүзийн мэдэгдлийг "ор үндэсгүй худал" бөгөөд "аюултай, хариуцлагагүй гүтгэлэг" гэж тодорхойлсон байна. Одоогоор Кэти Пэрригийн тал мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэнтэй холбоотой нэмэлт тайлбар өгөөгүй байна.


