Тус түүхэн үйл явдлыг тэмдэглэсэн 1,000 дахь машин нь 930E-5AT загварын өөрөө буулгагч бөгөөд Barrick компанийн Nevada Gold Mines уурхайд ашиглалтад оржээ. Уг машин нь 290 метр тонн материал тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд цахилгаан хөтлөгчтэй. Харин машины хөдөлгөөн, даалгавар хуваарилалт болон уурхайн бусад техник хэрэгсэлтэй харилцан ажиллагааг Комацугийн FrontRunner автомат систем удирддаг.
FrontRunner систем нь 2008 онд арилжааны үйл ажиллагаанд нэвтэрсэн бөгөөд Комацу нь арилжааны зориулалттай автомат уурхайн тээврийн системийг зах зээлд анх нэвтрүүлсэн үйлдвэрлэгч болсон юм. 2026 оны дөрөвдүгээр сарын байдлаар уг систем нь Хойд Америк, Өмнөд Америк, Австрали болон Европын уурхайгуудад ажиллаж байна. Нийт ашиглалтад орсон автомат машинуудын 500 гаруй нь 930E загварын гэр бүлд багтдаг.
FrontRunner системтэй машинууд нийлээд өнөөг хүртэл 11.5 тэрбум гаруй метр тонн материалыг тээвэрлээд байна. Энэ технологи нь зөвхөн жолоочийг машинаас хасах зориулалттай биш. Харин тээврийн маршрут, хурд, ачих болон буулгах үйл явцыг бүхэлд нь уялдуулан зохицуулдаг.
Ингэснээр тээврийн мөчлөгийг тогтвортой байлгаж, сул зогсолтыг бууруулан, тоног төхөөрөмжийн ашиглалтыг нэмэгдүүлэх боломжтой. Мөн ажилчдыг уурхайн өндөр эрсдэлтэй тээврийн зам болон хүнд машин механизмын харилцан үйлчлэл үүсдэг бүсээс хол байлгах замаар хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулдаг.
Комацу 2025 оны аравдугаар сард мэдээлэхдээ, FrontRunner системтэй холбоотойгоор системийн шалтгаант гэмтэл осол бүртгэгдээгүй гэж онцолсон. Мөн тогтоосон үйл ажиллагааны хязгаарын хүрээнд автономит горимоор ажиллуулах нь дугуй болон тоормосны ашиглалтын хугацааг дунджаар 40 хүртэл хувиар уртасгаж, нийт засвар үйлчилгээний хэрэгцээг 13 хувиар бууруулах боломжтой гэж мэдээлжээ.
1,000 дахь автомат машин ашиглалтад орсон нь автономит тээвэр уул уурхайн салбарт туршилтын шатнаас гарч, бодит уурхайн дэд бүтэц болон төлөвшсөнийг харуулсан чухал үзүүлэлт болж байна.
Анх төмрийн хүдэр болон зэсийн уурхайд түлхүү ашиглагдаж байсан FrontRunner технологи өнөөдөр төрөл бүрийн ашигт малтмал, цаг уурын нөхцөл, уурхайн зохион байгуулалтад ажиллах хэмжээнд хөгжжээ. Үүний нэг жишээ нь Невада дахь алтны уурхайн үйл ажиллагаа юм.
Комацу цаашид автоматжуулалтыг усны машинд нэвтрүүлэхийн зэрэгцээ автомат системийг динамик троллейн цахилгаан хангамжтай хослуулах чиглэлээр хөгжүүлж байна. Мөн дараагийн шатанд уурхайн өөр өөр талбайд ашиглах боломжтой, программ хангамжаар удирдагдах, шинэчлэлтийг алсаас хүлээн авч өөрийн ажиллагааг сайжруулах нэгдсэн платформ бий болгохоор зорьж байна.
Ийнхүү 1,000 дахь автомат өөрөө буулгагч машин нь төгсгөлийн цэг биш. Харин уул уурхайн салбарт автомат тээвэр туршилтын технологиос үйлдвэрлэлийн үндсэн дэд бүтэц болон шилжсэнийг харуулсан чухал milestone болж байна.
