Энэ оны 7-р сард 200,000 гаруй метрик тонн зэс АНУ-д импортоор орж ирсэн нь 2014 оноос хойшхи тээвэрлэлтийн мэдээллийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Импортын энэхүү огцом өсөлт нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд хуримтлагдсан АНУ-ын нөөцийг улам нэмэгдүүлж байна. Тухайлбал, "Comex" болон Лондоны металлын биржийн (LME) нэгдсэн нөөц 740,000 тонноос давсан бөгөөд баасан гарагийн LME-ийн мэдээллээр АНУ-ын боомтуудын хувийн агуулахад дахин 110,860 тонн зэс байна.
Энэхүү их хэмжээний нөөц нь дэлхийн бусад улс орнуудын нийлүүлэлтийг шавхах замаар бүрдэж байна. Худалдааны компаниуд ашиг харж өндөр үнээр борлуулахаар Америк руу зэсийн их хэмжээгээр зөөж байгаагаас шалтгаалан АНУ-аас гадна байрлах LME-ийн агуулахуудын нөөц энэ онд огцом буурчээ.
Үүний зэрэгцээ, Нью-Йоркийн "Comex" бирж дээрх зэсийн үнэ LME-ээс хамаагүй өндөр хэвээр байгаа нь АНУ руу тээвэрлэлт хийхийг урамшуулсан арбитражийг (үнэ шилжилтийн ашиг) хэвээр хадгалсаар байна.
"Comex"-ийн албан ёсны нөөц энэ онд 40 гаруй хувиар өсөж, дээд цэгтээ хүрсэн бол АНУ-ын зэсийн нийт нөөцийг 1.5 сая тонноос хол давсан гэж үзэж байна. Зэс дээр нэмэлт татвар тогтоох магадлал өндөрсөх тусам эрчим хүчний сүлжээ, хиймэл оюун ухаан, цахилгаан автомашин, батлан хамгаалах салбарт стратегийн чухал ач холбогдолтой зэсийн нөөцийг АНУ-д үлэмж ихээр бүрдүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна.
Трамп цэвэршүүлсэн зэсийн нэмэлт татварын талаар хэзээ шийдвэр гаргахыг Цагаан ордон хараахан мэдэгдээгүй байна. Энэ шийдвэрийг дэмжигчид уг татвар нь дотоодын уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлд хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэж үзэж байгаа бол эсэргүүцэгчид импортын зэсээс хамааралтай үйлдвэрлэгчдийн зардлыг өсгөж, АНУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг бууруулна гэж үзэж байна.
Өнгөрсөн долоодугаар сард Трамп Лутникт цэвэршүүлсэн зэсийн импортод 2027 оны нэгдүгээр сараас эхлэн 15 хувийн шаталсан татвар (роялти) ногдуулах эсэхийг судлах үүрэг өгсөн юм.
Үүнтэй холбоотойгоор Лондоны зах зээлд шахалт үүсэх шинж тэмдэг ажиглагдаж байгаа бөгөөд ойрын хугацааны гэрээнүүд нь гурван сарын фьючерсээс олон нэгжээр өндөр буюу 65 ам.долларын нэмэгдэлтэй арилжаалагдаж байгаа нь нэгдүгээр сараас хойшх хамгийн их зөрүү болж байна.



