Тус хотын цагдаагийн газраас үүнд хууль бус уурхайн гэмт бүлэглэлүүд (gang) буруутай эсэхийг эцэслэн тогтооход хэтэрхий эрт байна гэж мэдэгджээ.
Өнгөрөгч Мягмар гарагт Кливленд хорооллын хэд хэдэн байршилд 10 зэвсэгт этгээд гал нээснийхээ дараа цагаан өнгийн автомашинаар зугтсан гэж цагдаа нар Лхагва гарагт мэдээлсэнийг BBC агентлаг дамжуулав.
Амиа алдагсдын ес нь эрэгтэй, гурав нь эмэгтэй байжээ. Тэдний 11 нь хэргийн газарт нас барсан бөгөөд өөр нэг хүн хожим нь эмнэлэгт шархаа даалгүй амьсгал хураасан байна. Цагдаагийнхан Лхагва гарагийн оройны байдлаар хэнийг ч баривчлаагүй байгаа бөгөөд халдагчид болон тэдний хөлөглөж явсан тээврийн хэрэгслийг эрэн сурвалжилж байна.
Тус бүс нутаг нь хууль бус уурхайн үйл ажиллагаагаар алдартай юм байна.
Энэхүү аллага нь Йоханнесбург хотын эргэн тойронд хууль бус алт олборлогч синдикатуудын зүгээс учруулж буй аюулгүй байдлын заналхийлэл өсөн нэмэгдэж байгаагийн илрэл юм гэжээ. Энд өрсөлдөгч бүлгүүд хаягдсан уурхайнууд болон үлдсэн алтны ордуудыг хяналтандаа авахын тулд хоорондоо тэмцэлддэг. Эрх баригчид хууль бус алтны худалдаатай холбоотой зохион байгуулалттай гэмт хэргийг таслан зогсооход хүндрэлтэй байсан тул энэ оны эхээр засгийн газраас өндөр эрсдэлтэй бүсүүдэд цэргүүдээ байршуулсан юм.
Оршин суугчид хууль бус уурхайн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэргүүд тус суурин газарт эртнээс гай гамшиг тарьж ирснийг дурдаад, аюулгүй байдлыг сайжруулж чадаагүй эрх баригчдыг буруутгаж байна.



